БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсантай холбогдуулан тэтгэлгийн талаарх танилцуулга бэлтгэлээ. Бичиг баримт бүрдүүлэлт, анкет хүлээн авах хугацаа, сонгон шалгаруулалт зэрэг мэдээллийг та БНСУ-ын ЭСЯ-ны сайт болон энэ файлаас аваарай.
Энэхүү тэтгэлэг нь жилд 2 удаа зарлагддаг бөгөөд 2 сарын тэтгэлэг нь зөвхөн магистр, докторт суралцах улсуудад зориулагддаг юм. Харин 9 сард зарлагддаг тэтгэлэг нь зөвхөн бакалаврын зэргээр суралцах хүмүүст хамаатай. Тэтгэлэгт хамрагдахын тулд та шууд орохыг хүссэн сургуульдаа хандах эсвэл өөрийн улс дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан хамрагдах боломжтой. Сургуулиар дамжуулан тэтгэлэгт хамрагдах бол зөвхөн ганц л сургуулийг сонгоно. Харин ЭСЯ-нд хандаж хамрагдахыг хүсвэл 3 сургууль сонгох боломжтой.
БНСУ-аас энэ жил манай оюутан залууст зориулж их сургуулиар 10, ЭСЯ-аар 5, нийт 15 хүнд тэтгэлэг олгохоор болсон байна. Хэрэв энэ тэтгэлэгт тэнцвэл энэ оны 8 сарын сүүлчээр Солонгост очоод 9 сарын 1-нээс хичээлдээ сууж эхлэх юм байна.
Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа:
- Магистр: Хэлний бэлтгэлийн 1 жил + Магистрын хичээлийн 2 жил
- Доктор: Хэлний бэлтгэлийн 1 жил + Докторын хичээлийн 3 жил
*Хэрэв TOPIK-ийн 5 эсвэл 6-р түвшинд тэнцсэн бол хэлний бэлтгэлд суухгүйгээр мастер, докторын ажлаа шууд эхэлж болно. Энэ тохиолдолд хэлний бэлтгэлийн 1 жил нь тэтгэлэг үргэлжлэх хугацаанаас хасагдана.