Tuesday, March 1, 2016

IELTS өгсөн туршлага

За, өнгөрсөн зунаас хойш ганц нэг сургалтанд суугаад оны өмнө IELTS өгөөд нэг их өндөр биш ч яг зорьж байсан оноогоо авлаа. Мэдэхгүй нэгэнд нь мэдээлэл болох болов уу гэж бодоод өөрийн туршлагаа хуваалцахаар шийдлээ. :)


Миний англи хэлний түвшин: Ерөнхийдөө сүүлийн 10 жилийн турш англи хэлийг "идэвхгүй" байдлаар сурсан, унших болон сонсох чадвар нь нөгөө хоёр чадвараасаа илүү хөгжсөн (гэхдээ л муу), NBA үзэж Америкийн хип-хоп дуунууд сонссоор байгаад American English-ээр "сонсоод" сурчихсан, бичих чадвар үнэндээ нойл нөхөр байлаа.

Суусан хэлний курсууд: Зун ерөнхий англи хэлээ сайжруулахын тулд Jet-ийн хоёр сарын хугацаатай, дүрмэнд суурилсан Upper intermediate түвшний ангид явсан. Яриа, сонсгол сайжраагүй ч дүрмийн мэдлэгийн түвшин илт сайжирсан. Үүнийгээ дагаад унших, бичих чадвар болон үгсийн сан нэмэгдсэн. Эдгээр нь IELTS-ийн бичгийн шалгалтанд бэлдэж байхад их тус болсон. Харин намар нь нэг сургалтын төвийн IELTS-ийн сургалтанд хамрагдсан. Нийт таван 7 хоног орсон бөгөөд нэг 7 хоногт яриа, сонсгол, бичих, унших чадваруудыг тус бүр нэг өдөрт хуваагаад тав дахь өдөр нь хамт сурч буй бусад хүмүүстэйгээ ирж Cambridge IELTS номны Reading болон Listening-ийн жишиг тестүүдээс ажилладаг байсан.

Listening: IELTS-ийн шалгалтын 4 хэсгээс хамгийн биед амар нь Listening. Анх IELTS-ийн сургалтанд явсан эхний 7 хоногт Listening дээр 40-өөс 5.0 л авч байсан. Тэр үед багш маань "Та нар сайн хичээвэл нэг сарын дараа энэ оноогоо 0.5-2.0-оор ахиулах боломжтой" гэж хэлж байсан. Сонсохдоо анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Нэг асуултын хариуг сонсч амжаагүй бол шууд хаяад дараагийн асуулт руугаа анхаарах хэрэгтэй. Мөн нэг асуултыг харж байхдаа доод талын асуултаа бас давхар анзаарахад гэмгүй. Учир нь зарим үед өөрөө ч нэг асуултын хариу нь аль хэдийн гараад дараагийн асуулттай холбоотой яриа явж байхад мэдэлгүй эхний асуултаа харсаар хоцрох тохиолдол гардаг. Шалгалтын төгсгөлд өөрийн тэмдэглэсэн хариунуудаа хариултын хуудсан дээр буулгах нэмэлт 10 минут өгдөг тул зөв хариултыг тохируулах, харгалзуулах даалгавруудыг яг сонсч байх явцдаа хийлгүйгээр өгөгдсөн мэдээлэл, түлхүүр үгсийг сайтар тэмдэглээд нэмэлт 10 минутандаа гялс анализ хийгээд зөв хариултаа сонговол илүү дээр. Харин дугуйлах, нөхөх даалгавруудыг сонсч байх явцдаа шууд хийсэн нь дээр. Гэхдээ зөв хариултыг сонгох даалгаврын тухайд хариулт бүр дээрх мэдээлэл ярианы явцад заавал гардаг. Тиймээс яриан дээр энэ зүйлийн тухай дурдаад өнгөрсөн гээд шууд тэр хариултаа сонгох нь эрсдэлтэй, шууд бингодож байгаагаас өөрцгүй. Мөн асуултын зөв хариуг сонссон ч яриаг нь дуустал сонсох хэрэгтэй. Учир нь зарим тестэн дээр яригч этгээд нь нэг зүйл захиалах/авах тухай ярьж ярьж байгаад эцэст нь гэнэт бодлоо өөрчлөөд өөр зүйл сонгочихдог. Энэ нь IELTS-ийн шалгалтын төөрөлдүүлэх аргуудын нэг. Гол нь анхааралтай л сонсвол алдахгүй. Бэлдэхдээ Cambridge IELTS номны 4-10 дээрх тестүүдийг хийсэн нь дээр. Яг жинхэнэ шалгалтан дээр ирдэг шиг түвшний тестүүд уг номон дээр байдаг. Зарим хүмүүс шалгалтан дээр арай амархан тест ирдэг гэдэг. Би гэхдээ шалгалтын өмнө жишиг тестүүд дээр дандаа 6.0-7.0 авч байсан хэрнээ шалгалтан дээр анхаарлаа сайн төвлөрүүлж чадаагүйн улмаас 6.0 авсан.

Reading: Бас л биед амар хэсэг. Гэхдээ Listening-ийг бодвол нэг цаг үргэлжилдэг тул нэг бүтэн тест (дотроо 3 reading passage-тай) хийгээд л залхуу хүрдэг талтай. Тактик сайн сурсны дараа оноо илт сайжирдаг болохоор урамтай байдаг. Эхний 7 хоногт тестүүд хийж үзэхэд 4.5-5.0 оноо авч байсан. Reading-ийн шалгалтын гол дайсан нь цаг. Нэг цагийн дотор нэлээн урт, бас хүнд хэцүү өгүүлбэрүүдтэй 3 эхийг уншаад нийт 40 асуултанд хариулах шаардлагатай байдаг. Сургалтын явцад багшийн хэлснээр эхний эхэд 15 минут, дараагийнхад нь 20 минут, сүүлийнхэд нь 25 минут зарцуулах зорилго тавин тестүүдээ хийдэг байсан. Бидний хувьд цагтаа амжихын тулд эхлээд асуултаа уншаад түлхүүр үгээ олоод эхээс хайх зарчмаар ажилладаг байсан. Миний хувьд хүмүүсийн яриад байдаг skimming and scanning техникээр ганц нэг удаа ажиллах гэж үзээд үнэхээр бүтэлтэй болоогүй. Эхээ уншаад дараа нь асуултаа уншаад дахиж эхээ харах шаардлага гарч байсан тул цагтаа огт амжихгүй байсан. Тиймээс эхээ бүрэн уншилгүй, асуултуудаа харж байгаад түлхүүр үгсийн тусламжтайгаар зөвхөн шаардлагатай хэсгүүдийг уншсанаар цагтаа хангалттай амжиж байсан. Асуултанд өгөгдсөн хүний болон газар усны нэр, он цаг тоолол нь шууд түлхүүр үг болдог. Харин асуултанд өгөгдсөн бусад үгс нь яг тэр чигээрээ эх дээрээ байдаггүй. Ойролцоо утгатай үгээрээ орж ирсэн байдаг. Тиймээс түлхүүр үгсийг шууд эхээсээ хайгаад холбогдох хэсгүүдийг нь уншихад л болно. Listening шиг хариултуудаа хариултын хуудас руу буулгах нэмэлт цаг өгдөггүй тул нэг эхээ хийж дуусаад л шууд хариунуудаа хуулж бичээд дараагийн эх рүүгээ орсон нь дээр. Яг шалгалтан дээр ирдэг тест нь Cambridge IELTS номны тестүүдээс хавьгүй амархан юм байна лээ. Шалгалтаа өгч байхад л амархан гэдэг нь илт мэдрэгдэж байсан. Cambridge IELTS-ийн тестүүдийг хийхэд 6.0-6.5 авч байсан хэрнээ жинхэнэ шалгалтын Reading дээр 7.0 оноо авсан.

Writing: Анх IELTS-ийн сургалтанд сууж эхэлж байхад бичих даалгавар үнэхээр хэцүү санагдаж байсан. Гэхдээ writing-ийн Task 1, 2 тус бүр дээр багш ерөнхий загварыг нь гаргаж өгөөд номон дээрээс жишээ даалгавруудын алдааг засах зэргээр хамтдаа ажиллаж байсан тул гайгүй болсон. Бас аль ч даалгавар нь асуултаасаа шалтгаалаад тус тусын бүтэц, хэлбэртэй байдаг тул шалгалтанд хэрэглэж болох түлхүүр үгсийг бичүүлж, цээжлүүлж байсан нь шалгалтанд үнэхээр хэрэг болсон. Тэгээгүй бол шалгалтан дээр шууд өөрийнхөө үгээр бүгдийг бичихэд сандрах, цагтаа амжихгүй байх зэрэг асуудал гарах байсан биз. Task 1-ийн хувьд ихэвчлэн хүснэгт, график тайлбарлах даалгавар ирдэг. Харин зураг буюу процесс тайлбарлах даалгавар маш ховор ирдэг юм байна лээ. Яг хийх гэхээр хүснэгт, график нь амархан, процесс нь хэцүү байдаг тул азаа үзээд, бас залхуураад зөвхөн хүснэгт, графиктай холбоотой даалгаварт л бэлдсэн. Аз ч намайг ивээсэн. Task 2-ийн хувьд "Одоо үед оюутнууд ямар ч мэдээллийг интернэтээс олох боломжтой болж байна. Тиймээс ирээдүйд номын сангийн хэрэгцээ бий юу?" гэсэн асуулт ирсэн. Өмнө нь иймэрхүү төрлийн даалгаврууд дээр ажиллаж байсан, мөн хүмүүсийн бичсэн мундаг эссенүүдийг уншиж, бүтцийг нь сайн ажиглаж байсан тул хийхэд боломжийн байсан. Гэхдээ Task 1-ээ мундаг бичих гээд 23, 24 орчим минут зарцуулчихсан тул Task 2-ынхоо эссег үгийн тоонд нь хүргэж чадаагүй. Гэхдээ боломжийн оноо авсан. Ер нь IELTS-ийн багш нар нийт 60 минутынхаа 20-ийг нь Task 1 дээр, 40-ийг нь Task 2 дээрээ хуваарил гэж зөвлөдөг юм байна лээ.

Speaking:
 Энэ хамгийн марзан хэсэг нь байсан даа. Миний хувьд яриан дээрээ муугаа мэдэж байсан хэрнээ л хамтран бэлдэх хүнгүй гэдэг шалтгаанаар яриагаа хаячихаад нөгөө гурваа л нухаад байсан. Хааяа нэг л жишиг асуултуудыг хараад өөрөө өөртэйгээ ярьж бэлддэг байсан. Шалгалтан дээр ч горыг нь хангалттай амссан. Хүмүүсийн ярихыг сонсоход шалгагч нь монгол хүн байвал монголчууддаа аягүй хатуурхдаг гээд байсан тул гадаад хүнтэй л таараасай гэж бодож байлаа. Тэгээд яваад ортол шалгагч нь нэг цагаан арьстай өвгөн байсан. Шалгалт нь 11-14 минут үргэлжилдэг гэдэг ч би сайн ярьж чадаагүй тул 9-10 минут болоод л гарсан. Гэхдээ надад санасныг бодвол боломжийн оноо өгсөн байсан шүү. :)

Эцэст нь сонирхуулахад шалгалтыг үнэхээр дэг журамтай, нарийн авдаг юм байна лээ. Ямар ч байсан IELTS-ийн оноог хахуульдаж, өмнөөсөө хүн оруулж авсан гэж сонсогддоггүй нь ч үүнтэй холбоотой байх. Ажиглахад шалгалт өгч байсан хүмүүсийн бараг 70% нь охид, бүсгүйчүүд харагдсан. Үлдсэн эрэгтэйчүүд дунд нэг ази, нэг европ хүн бас байсан. Тэгэхээр хүмүүсийн яриад байдгаар сүүлийн үед эмэгтэйчүүд мэдлэг, боловсролдоо илүүтэй анхаарч өндөр боловсролтой болж байна гэдэг нь үнэний ортой болов уу. Мөн нэг зүйлийг зөвлөхөд ихэнх улсын ЗГ-ын тэтгэлгүүд 1, 2 сараас эхэлж зарлагддаг тул Монголд IELTS-ийн шалгалтын сезон нь 11, 12, 1 саруудад байдаг. Тиймээс эртхэн бүртгүүлэхгүй бол шалгалтын суудал дүүрэх асуудлаас болж шалгалтаа өгч чадахгүй байх вий.
Мөн ахисан дунд түвшний мэдлэгтэй бол шууд IELTS өгөхөд хэр бэлдсэнээсээ шалтгаалж 6.0-7.0 оноог бол авчих юм байна лээ шүү. Гол нь шалгалтын тактикийг сайн сурах хэрэгтэй. Харин 7.0-с дээш оноо авахаар зорьж байгаа бол ерөнхий англи хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж байгаад маш сайн бэлдээд өгсөн нь дээр болов уу гэж бодож байна.

3 comments:

  1. Turshlagaasaa busaddaa huvaaltsaj bgaad mash ih bayarlalaa. Tsaashdiin surlaga, hudulmurt tani undur amjilt huseye

    ReplyDelete
  2. bayrlalaaa heregtei zuils bichsen wna :)

    ReplyDelete
  3. сэтгэлээсээ зөвлөгөө өгсөнд баярлалаа

    ReplyDelete