Saturday, March 18, 2017

Эр хүн бүр цэрэг гэсэн үг биш

За өнөөдөр МУ-д орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 96 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг нэг хэсэг нь цэргийн баяр буюу цэргийн алба хаасан болон цэргийн байгууллагад ажиллаж байгаа, бэлтгэлд байгаа бүх хүмүүсийн баяр гэж үзэж байхад нөгөө хэсэг нь болохоор ерөөсөө бүх эрчүүдийн л баяр гээд байгаа. Үүнтэй холбоотойгоор залуучууд өнөөдөр алба хаасан, хаагаагүйгээрээ сайрхаж, зарим нь тунирхаж, хэдийгээр цэргийн алба хаагаагүй ч хэрвээ маргааш дайн болбол
зэвсэг бариад байлдахад бэлэн юм чинь гэж ярьцгааж байх юм. Эх орон түгшүүр зарлавал бүгд эрвийх дэрвийхээрээ зүтгэх сэтгэлтэй байвал уг нь болоо л доо. Гэхдээ нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Өнөөдөр цэргийн алба, цэрэгжилтийн талаар ямар ч мэдлэг, туршлагагүй хүн маргааш шууд зэвсэг бариад байлдана гэдэг бол үнэхээр боломжгүй шүү. Дайн болоод галын шугаман дээр байлдахын тулд наад зах нь жагсаалд дунд алхаж чаддаг, даргын өгсөн командыг ойлгодог, биелүүлж чаддаг, дарга, цэргийн цолыг мэддэг, ялгаж таньдаг, буудаж чаддаг, хүн нэг бүрийн зэвсэг, хэрэгслээ хариуцаад аваад явж чаддаг л байх ёстой доо. Тайван цагийн үед цэрэгт татагдсан залууст үүнийг зааж сургахын тулд 45 хоногийн карантинд гаргадаг юм. Үүнийг давсны дараа л цэргийн анхан шатны мэдлэгийг олж авсанд тооцогдож цэргийн тангараг өргөдөг юм даа. Тэрнээс биш дайнд оролцож команд биелүүлэх, давших, хориглох, гал нээх зэрэг нь зүгээр нэг компьютер тоглоом дээр B.4.3 товч дараад калаш худалдаж аваад маузаараа шүршээд байдаг шиг тийм амархан зүйл биш дээ.

No comments:

Post a Comment