IELTS шалгалтыг хоёр дахь удаагаа, 5 жил гаруй дараа дахин өглөө. Өмнө өгч байсан талаарх постыг энд дарж уншина уу.
Энэ удаад харин өөрийнхөө хэмжээнд боломжийн л оноо авлаа. Тиймээс хэрхэн бэлдсэн талаараа та бүхэнтэй хуваалцъя.
1 сарын дундуур л гэнэт IELTS шалгалт өгье гэж шийдээд онлайн системд орж бүртгүүлэх гэтэл хамгийн ойрын шалгалт 3 сарын 4-нд байлаа. Энэ нь ажлын өдөр байсан болохоор жаахан тиймхэн байсан ч өөр сонголтгүй тул цагаа тэр даруйд захиалсан. Намайг цаг захиалсны дараа шалгалтын суудлын availability 50% болсон. Ингээд төлбөрөө интернэт банкаар төлж, баримтаа и-мэйлээр илгээсний дараа миний бүртгэл баталгаажсан.
IELTS шалгалт нь дотроо хоёр янз буюу Paper based, Computer based гэж ялгаатай байдаг. Миний хувьд энэ удаад өмнөх шигээ ESP төв дээр Paper based IELTS өгсөн байгаа. Коронавирусээс шалтгаалж шалгалтаа өгч чадалгүй тусгаарлагдах вий, эсвэл шалгалт цуцлагдах вий, нийтээрээ хөл хорионд орох вий гэж их эмээж байсан ч элдэв асуудал гаралгүй шалгалтаа цагтаа өгсөн. ESP төвөөс ерөнхийдөө шалгалт өгөгч нарыг түргэвчилсэн тест хийсэн байх шаардлагатай гэж байсан ч миний хувьд шалгалтаас 3 хоногийн өмнө PCR шинжилгээ өгсөн байсан ба түүнийгээ үзүүлээд шалгалтын төв рүү нэвтэрсэн.
Listening: Сонсголын хэсэг дээр 1 сард Cambridge IELTS номноос тест хийхэд 7.5 авч байсан. Тэгээд бараг өдөр бүр тест хийсэн ч дандаа л 7.5 аваад /хааяа 7 эсвэл 8 оноо/ байсан тул ерөнхийдөө өөрийн зорилтот оноо аль хэдийн халаасанд байна гэж үзээд цаашдаа 7 хоногт нэг удаа л өөрийгөө шалгалтад дасгах байдлаар тест хийж байсан. Уг нь өөрийн алдсан алдаагаа хараад, яг ямар төрлийн асуултууд дээр алдаж байгаагаа тодорхойлоод түүн дээрээ ажиллавал их үр дүнтэй байх. Миний хувьд үзвэр үйлчилгээний газрын байршил, газрын зургийн тайлбарлаж байгаа асуултад их муу хариулж байсан тул үүн дээр л онцгойлон бэлдсэн. Гэхдээ энэ төрлийн асуулт шалгалтад ирээгүй ээ. Тэгээд жинхэнэ шалгалт дээрээ нөгөө л 7.5 оноогоо сонсгол дээр авсан.
Reading: Унших хэсэг дээр мөн адил Cambridge IELTS номноос тест хийхэд 7.5 авч байсан. Миний хамгийн их оноо алдаж байсан асуулт бол параграфуудын гарчиг тааруулах байсан. Тэгээд интернэтээр сайн судалсны дараа тухайн параграфыг бүтнээр уншилгүй, эхний хоёр өгүүлбэр дээр нэмээд сүүлийн ганц өгүүлбэрийг унших нь цаг хэмнэх, мөн тухайн параграфын ерөнхий санааг ойлгоход дөхөмтэй гэсний дагуу уг тактикыг барьж эхэлсэн. Тестүүд дээр ч үр дүнгээ өгч байсан. Бодит шалгалт дээр 8.0 оноо горьдож байсан ч бас л 7.5 оноо авсан. Уг нь 2015 онд шалгалт өгч байхад унших хэсэг нь Cambridge IELTS тестийн түвшнээс хамаагүй хялбар санагдаж байсан ч энэ удаад бол яг л ижил түвшнийх байх шиг санагдлаа.
Writing: За энэ хэсэг дээр бэлдэхгүй халширч явсаар цагийг нь тулгаж л бэлдэж эхэлсэн. Ерөнхийдөө Task 1, 2 дээр аль алин дээр өөрийн гэсэн түлхүүр үгс, эсээний бүтэцтэй болоод авбал шалгалт дээр сандрахгүй, цаг хэмнэнэ. Миний хувьд Task 1 дээр дандаа график, чарт бэлдээд газрын зураг, процесс хоёрыг ёс болгож нэг нэг өдөр л бэлдсэн чинь шалгалт дээр нэгэн сургуулийн дотуур байрны зураглалын харьцуулалтыг тайлбарлаж бичих даалгавар ирсэн. Бусад хүмүүс ч бас даалгавраа нээж үзээд газрын зураг байнгуут сэтгэл хангалуун бус байгаа нь ажиглагдаж байсан. Гэхдээ уг нь сайн бэлдвэл газрын зураг, процесс хоёр дээр харин ч өндөр оноо авах боломжтой гэх хүмүүс ч байдаг. За ямартай ч даалгавраа 4 жижиг параграф болгоод бичсэн. Task 2 дээр харин "Зарим улсууд хоол, хүнсээ бусад улсуудаас ихээр импортолж байна. Энэ нь зөв эсэх дээр юу гэж бодож байна?" гэх маягийн даалгавар ирсэн. Энэ эсээг 35 минутад амжиж хангалттай бичээд /дундуур нь бүр бараг бүтэн параграф бичсэнээ баллуурдаж шинээр бичсэн ч үе байгаа/ үлдсэн 5 минутанд Task 1-ээ хянаад үзсэн чинь үгийн тоо яагаад ч хүрэхээргүй санагдсан тул харж байгаад төгсгөлд нь нэг өгүүлбэр нэмж бичээд орхисон. Ингээд хариу гарахад 6.5 оноо авсан байсан. Нэмээд хэлэхэд Task 2 эсээг бичихийн өмнө 5 минут орчим зарцуулж эсээгээ төлөвлөх нь үнэхээр зүйтэй санагдсан. Ингэснээр асуултаа сайн ойлгож, яг ямар төрлийн хариулт өгөх төлөвлөхөөс гадна эсээний гол санаанууд, эсээндээ хэрэглэх ижил төст үгсийн санг олох зэрэг давуу талтай. Хэрэв төлөвлөхгүй цаг хэмнэх гээд шууд бичээд эхэлбэл харин ч бичиж байгаад гацах, нэмж бичих санаа олдохгүй, эсээний бүтэц ч бас тааруухан болдог байх шиг ажиглагдсан шүү.
Speaking: Өмнөх удаа шалгалт өгч байхад ярианы шалгалтын хуваарь бичгийн шалгалтын дараа, тухайн өдрийн 13 цагийн орчимд байсан санагдаж байна. Харин энэ удаад эрт бүртгүүлснээр ярианы шалгалтаа бичгийн шалгалтын өмнөх өдөр буюу 3 сарын 3-ны 16:35 цагт өгөхөөр болсон. Шалгалт өгөхөөр ороход нэг гадаад, настай, эмэгтэй байсан. Коронавирусээс шалтгаалж нэлээн хол зайтай, ширээн дээгүүрээ шилэн тусгаарлагчтай, масктай яриад миний ярьж байгааг сонсох болов уу, ойлгох болов уу, би бас тэр хүний асуултуудыг сайн сонсч чадах болов уу гэж санаа зовж байсан ч шалгалт дээр нэг жижиг ширээнд өөд өөдөөсөө хараад аль аль нь масктай, дундаа ямар нэгэн шилэн тусгаарлалтгүй байсан тул харин асуултуудыг сонсох, ярихад асуудал тулгараагүй. Шалгалт бэлдэхдээ жишиг асуултуудаар бэлдээд хамгийн гол нь яг л тухайн асуултад оновчтой, зөв хариулах ёстой. Харин үнэн байх эсэх нь хамаагүй. Миний хувьд 2-р хэсэг дээр 1 минут орчим гайгүй сайн хариулж байгаад яг төгсгөлд нь хадуураад сэдвээс төөрөөд явчихсан тул шалгагч нь инээгээд шууд дараагийн асуултыг асуусан. Мөн 3-р хэсэг дээр нэг асуултыг ойлгоогүй шалгагчийг асуултаа давтахыг хүссэн ч бас л бүрэн ойлгоогүй ерөнхийлж яриад байсан тул нөгөө эгч аргаа бараад арай өөр хэлбэрээр 3 дахь удаагаа асууж байж би нэг юм бүрэн хариулт өгсөн. Шалгалтаа өгөөд гарч байхдаа өөрийгөө ер нь 6.5 авахаар ярилаа. Бүр муудлаа гэхэд 6.0 оноо. Харин яаж ч дэмжүүлээд, дээрх алдаануудыг гаргасан тул 7.0 авахгүй гэдгээ мэдэж байсан. Дүнгээ харахад 6.5 оноо авсан байсан.

No comments:
Post a Comment